МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Мэдээ

Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022 (World population prospects: 2022)

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ХЭТИЙН ТӨЛӨВ

2022 оны 11 сарын 05-нд, дэлхийн нийт хүн амын тоо 8 тэрбум давах төлөвтэй байна. 2050 он гэхэд, дэлхийн нийт хүн амын тоо 9.7 тэрбумд хүрч, 2080 он гэхэд 10.4 тэрбум хүрнэ гэсэн таамаглалыг судлаачид гаргажээ. Хүн амын энэхүү хурдацтай өсөлтөд цөөн хэдэн улс л гол байр суурийг эзэлнэ. Зарим улсын хүн ам ийнхүү хурдацтайгаар өсөж байхад, зарим улсад хүн амын тоо эсрэгээрээ цөөрөх хандлага илэрч байна. Үүний зэрэгцээ хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурч байгаатай холбогдон дэлхийн хүн ам хөгширч байгаа зэрэг нь НҮБ-аас гаргасан хүн амын хэтийн төлөвийн онцлох мэдээллүүд байв. Хүн ам зүйн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг олон нийтэд түгээх зорилгоор НҮБ-ээс дэлхийн хүн амын хэтийн төлөвийн мэдээллийг гаргадаг. Үүнээс онцлох 7 мэдээллийг хүргэе.

2022 онд гаргасан дэлхийн хүн амын хэтийн төлөвд дараах 7 онцлох мэдээ багтсан болно.

1. Дэлхийн хүн ам өссөөр байгаа ч өсөлтийн хурд нь бүс нутгуудад ихээхэн ялгаатай байна. Сахарын цөлөөс урагшхи Африкийн хүн ам 2050 он гэхэд бараг хоёр дахин өсөх төлөвтэй байгаа бол Европ, Хойд Америкийн нийт хүн ам ердөө 0.4%-иар өснө.

2. Одоогоос 2050 он хүртэлх хүн амын өсөлтийн талаас илүү хувийг найман улс дангаараа эзэлж байна. Хүн амын хамгийн их өсөлт нь дараах улсуудад (ихээс бага руу жагсаасан) ажиглагдах төлөвтэй байна: Конго (БНАКУ), Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани. Энэтхэг улс 2023 онд Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болно. 

3. Төрөлтийн түвшин буурах хандлага ажиглагдаж байгаа ч зарим улсуудад төрөлтийн түвшин өндөр хэвээр байна. Өнөөдөр дэлхийн хүн амын гуравны хоёр нь, нэг эмэгтэйд ногдох төрөлт 2.1-ээс бага улсуудад амьдарч байна. 2021 онд Сахарын цөлөөс урагшхи Африк (4.6 хүүхэд), Далайн орнууд, Австрали, Шинэ Зеланд (3.1), Хойд Африк, Баруун Ази (2.8), Төв болон Өмнөд Ази (2.3) зэрэг бүс нутгуудад төрөлтийн түвшин 2.1-ээс дээгүүр хэвээр байна. 1990 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 3.3 байснаас 2021 онд 2.3 болж буурсан бөгөөд 2050 он гэхэд 2.1 болох төлөвтэй байна.

4. Дундаж наслалт нэмэгдэж байгаа ч ядуу буурай орных дэлхийн дунджаас 7 жилээр бага хэвээр байна 1990 онд дэлхийн дундаж наслалт 64.0 байсан ба 2019 онд 72.8 болж өссөн. Энэхүү өсөлт цаашид нэмэгдсээр 2050 он гэхэд 77.2 болох төлөвтэй байна. Хэдийгээр улс орнуудын хоорондох урт наслалтын зөрүүг арилгахад ихээхэн ахиц дэвшил гарсан ч мэдэгдэхүйц ялгаа байсаар байна. 2021 онд буурай хөгжилтэй орнуудын дундаж наслалт дэлхийн дунджаас 7 насаар бага байна.

5. Дэлхийн хүн ам хөгширч, 65-аас дээш насныхан хамгийн хурдацтай өсч буй насны бүлэг боллоо. 2022 онд дэлхийн 10 хүн тутмын 1 нь 65-аас дээш настай (10%) байгаа бол энэ харьцаа 2050 онд 10 хүн тутмын 1 (10%) болж нэмэгдэх тооцоотой байна. 2050 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 5 хүртэлх насны хүүхдийн тооноос хоёр дахин их болж 12 хүртэлх насны хүүхдийн тоотой тэнцэх аж. 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ба 2022 онд 157 сая байсан бол 2050 онд 459 сая болох юм байна.

6. Хүн амын тоо буурч буй улс орнуудын тоо нэмэгдэж байна Төрөлт бага, мөн зарим тохиолдолд цагаачлал их байгаагаас үүдэн хүн ам нь буурч буй улс орны тоо нэмэгдсээр байна. 2022-2050 оны хооронд 60 гаруй улсын хүн ам дор хаяж 1%-иар буурах төлөвтэй байна. Үүнээс 30-аад улсын хүн амын тоо дор хаяж 10%-иар буурна гэжээ. Хятадын хүн ам 2022-2050 оны хооронд 110 сая буюу 8%-иар буурах тооцоо гарсан байна.

7. Шилжилт хөдөлгөөн нь зарим улс орны хүн амын өөрчлөлтөд голлох хүчин зүйл болж байна. 2000-2020 он хооронд өндөр хөгжилтэй орнуудын хүлээн авсан цагаачдын тоо тухайн улсын хүн амын цэвэр өсөлтөөс давсан байна. Шилжин суурьших хөдөлгөөний зарим нь (Бангладеш, Балба, Шри Ланкаас) өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний эрэлтээс үүдэлтэй байдаг бол зарим нь зэвсэгт мөргөлдөөний зөрчлөөс үүдэн (Сири, Венесуэл, Мьянмар) иргэд их хэмжээгээр цагаачилснаас болдог байна.

Шинээр нэмэгдсэн