Өвөрхангай аймгийн Хархорин сумын 12 жилийн дунд сургуулийн багш Д.Цэрэнлхагва
Газарзүйн боловсрол олгох чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй тантай ярилцахад таатай байна. Та яаж энэ салбартай холбогдов? Газарзүйн багш болохыг хүсч мөрөөдөж эзэмшсэн үү?
Би 1961 онд Улаанбаатар хотын VIII бага сургуулийн I ангид Сүрэн багшийн ангид орж байлаа. Гэхдээ X ангиа Хужирт сумандаа төгссөн юм. Багадаа нутгийнхаа байгалийн сайхан, сонин содон төрхийг их л гайхан сонирхдог байлаа. Сургуульд ороод түмэн бодис, газарзүйн хичээл үзэж эхэлснээр зүй тогтлыг нь мэдэхийг хүсэж, сонирхож, зах зухаас нь мэддэг болсон доо.
Багш нар маань намайг сайн багш болж чадна, газарзүйн багш бол зөвлөсний дагуу Багшийн дээд сургуулийн газарзүйн ангид элсэн орж 1971-1975 онд суралцан багш мэргэжил эзэмшсэн юм. Тэр үед эцэг, эхчүүд миний хүүхдийн сайн сайхныг багш нь мэдэж байгаа гэсэн бат итгэлтэй байж дээ. Тэд маань багш нарын зөвлөснөөр намайг багш болохыг дэмжсэн. Миний өөрийн сонирхол ч бас яг таарч байсан юм.
Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Анх багшийн талаар мэдлэг туршлага багатай бүсгүй Өвөрхангай аймгийн Сант сумын сургуульд газарзүйн багшаар томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа. 1975-1977 онд 2 жил ажиллаад Хархорин сумын сургуульд шилжиж ажилласан. Түүнээс хойш 1971-2006 он хүртэл 30 гаруй жил багшилсан. Үүнээс 4 жилийг захирлын ажил хийсэн. 8-р ангийг 6,10-р ангийг 5 удаа төгсгөсөн.
Их олон шавь нартай байх сайхан, тэд нарынхаа амжилтаар багш нар маань бахардаг шүү дээ. Та анги удирдах арга барилаасаа тодруулна уу?
Миний хувьд эцэг эхтэй нь байнга холбоотой хамтарч ажиллаж байлаа. Сурагчдаа маш сайн судална. Багш, сурагч хоёр хоорондоо их итгэлтэй, шүтэлцээнтэй, бие биедээ хайртай, дотно байдгийг их залуудаа мэдсэн. Багш гэдэг бол маш нэр хүндтэй, алдар цолтой, гунддаггүй, зэвэрдэггүй, маш эрхэмсэг нэр. Ийм хүндтэй нэр хүндийг залуу багш нар ухамсарлах ёстой. Төгсөөд диплом аваад болдог эд биш. Багш гэдэг нэрийг, шавь нарыг, эцэг эхийн нэр төрийг гундаахгүй авч явах вэ гэсэн хүндтэй хариуцлага нэг цэг дээр очиж огтлолцвол аяндаа хүүхэд сайн сураад, сайхан хамт олон бүрдээд, нэг юмны төлөө ажиллаад эхэлдэг юм билээ. Үр дүнд миний шавь нар урлагийн аварга ангиар 3 удаа, хөдөлмөрийн аварга ангиар 3 удаа, спортын аварга ангиар 3 удаа нийт 9 удаагийн аварга болж байв.
Багшилж байх хугацаандаа мэргэжлийн олимпиадад шавь нараа хэрхэн бэлтгэж ямар амжилт явуулж байв?
Бүс, аймаг, улсын олимпиадад нийтдээ 23 хүүхэд 1,2,3-р байранд орж байснаас 2000 онд шавь Л.Эрдэнэбаяр Улсын олимпиадад 1-р байр эзэлж, МУИС-ийн газарзүйн ангид 2 жил төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулж байв. 2003 онд Очирхуягийн Очбаатар Улсын олимпиадын 2-р байранд орж байв.
Аймгийн газарзүйн олмпиадад Дэмбэрэлийн Баатарцогт, Баярсайхан, Чагнаадорж, Ганбатын Гүнгаабаатар, Энхтуяагийн Наранчимэг нар аймгийн аварга болж байв.
Олимпиадад ямар арга барилаар шавь нараа бэлтгэж байв?
Олон жилийн өмнөөс төлөвлөгөөтэй бэлтгэнэ дээ. Эхлээд ирээдүйд газарзүйгээр мэргэших хүүхдийг сонирхлыг нь дагуу сонгож аваад зуны амралтаар нь ч бэлтгэж заавар зөвлөгөө өгч, шалгаж зөвлөнө дөө.
Та боловсролын болон спортын тэргүүний ажилтан юм байна. Ямар спортоор хичээллэж байв?
Ядро диск шидэлтээр нэлээн хичээллэж улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Мөн хөнгөн атлетикийн гүйлтийн I зэрэгтэй тамирчин байсан юм.
Захирлын алба хашсан 4 жилийн хугацаанд та ямар гол ажлуудыг амжуулав?
Сургуулийнхаа материаллаг баазыг сайн болгосон доо. 5 ханатай шинэ эрээн гэрийг багш нарынхаа хүчээр хийж, пионерийн танхимтай болж байв. Багш С.Дашдаваа тооныг нь, Нанхай ханыг нь, Ш.Наянтай Унийг нь, Оршков 6 ястай хаалгыг нь, Ж.Цогбадрах гэрийн доторх тавилгыг нь, Мушиан Балдагхүү баганыг нь, гэрийн шалтай хийж бүх эмэгтэй багш нар оосор бүчийг нь томж, сүлжиж хийж байв.
Сургуулиараа 45 хоногт монгол бичигтэн болох хөдөлгөөн өрнүүлж, багш ажилчид бүгд хамрагдаж бүгд л чөлөөтэй уншдаг болж билээ.
Даалгавар хийдэггүй хүүхэдтэй хэрхэн ажилладаг байсан туршлагаасаа ярина уу?
Хүүхэд ямар даалгаврыг хийх дуртай гэвэл өөрийнхөө хайртай багшийн даалгаварыг хийх дуртай байдаг. Өөрт нь хайртай, өөрийг нь ойлгодог, сонсдог, мэдэрдэг, хүндэлдэг, өөртэй нь хүн ёсоор харьцдаг багшийн даалгаврыг хийж, тэр багшийн хичээлийг ойлгохыг хичээдэг. Тэгэхээр залуу багш нар даалгавар хийхгүй хүүхэд байвал түүнийг заавал судлах хэрэгтэй. Надаас болж байна уу, ээж ааваас болж байна уу, тухайн орчноос болж байна уу гэдгийг. Ер нь л багшийн аргатай шууд холбоотой байдаг.
Залуу багш нарт та юу гэж зөвлөх вэ?
Залуу багш нарт хэлэхэд хүүхдийг хайрлаж байгаа харуулах хэрэгтэй. Хүүхэд багш намайг дэмжинэ, надад туслана, миний багш гэсэн ойлголттой байдаг. Гэтэл багш нь үл тоон, дэмжлэг хүссэн үед нь анхаарахгүй, асуудал шийдвэрлэхэд нь туслахгүй байх бол том алдаа. Шавь нь багшийгаа өөр лүүгээ харахыг хүсдэг. Итгэлтэйгээр чи чадах ёстой шүү шавь минь гэсэн харцаар харах хэрэгтэй. Мөн эцэг эх, багш ялгаагүй хүүхдийг сонсох хэрэгтэй. Хүүхэд нь юм хэлж байхад маш анхааралтай сонсох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд боловсролын бодлого их тогтворгүй явж байна. Багш нар сурах бичгийн нэр дасгалыг хийгээрэй, уншаарай гээд л номоор дамжуулж харьцдаг. Бичиг цаастай их ноцолддог. Ялангуяа газарзүйн багш 4 хананы дунд хичээлээ явуулаад байж болохгүй ээ. Ангиас гарч нутаг орноо газарзүйн нүдээр харуулж, тайлбарлуулж, тэдэнд эх орноо, нутгаа хайрлах, бахархуулах сэтгэлийг бага багаар суулгах хэрэгтэй. Эх орондоо хайртай байж, түүний төлөө өөрийгөө зориулах сэтгэлийг газарзүйн багш хүүхдүүдэд ойлгуулж, дадал болгох ёстой гэж боддог.
Та гэр бүлээ танилцуулна уу?
Миний ханийг Ц.Цэнджав гэдэг. Малын их эмч хүн бий. Бид хоёр 4 охинтой үр ачаа тойруулсан өнөр өтгөн айл бий дээ. Миний нэрэмжит Улсын газарзүйн 23-р олимпиад сайхан болж өндөрлөлөө. Бүх аймаг, хот дүүргээс шалгарч ирсэн сурагч багш нартаа та нар бол шилдгийн шилдэг багш сурагчид шүү гэж хэлье.
Ярилцсан: Ц.Сэр-Од