Бүх нийтийн газарзүйн боловсрол чухал
Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ярилцлагаа таны товч намтраас эхлэе гэж бодож байна?
Газарзүйн боловсролын чиглэлээр бие даасан сэтгүүл гаргаж, энэ дугаартаа урьсанд талархаж байна. Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынх. Намайг бага байхад манайх хотод шилжин ирсэн. Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль, МУИС-ийн Газарзүйн ангид суралцаж төгссөн. 1972 оноос хойш тасралтгүй 33 жил багшаар ажилласан.
Газарзүй их олон салбартай холбогддог. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
МУИС-ийн газарзүйн ангид шалгалтаа өгч, улсынхаа нэртэй том сургуульд элсэн орсондоо их л баярлаж байсан юм даг. Газарзүйн мэргэжлээр 5 жил суралцахдаа эрдэмтэн багш нараар олон төрлийн шинжлэх ухааны зах зухаас заалгаж их ч зүйл сурсан. Газарзүй, картограф, геологи, кристаллограф, петрограф, ус судлал, хөрс судлал, палеонтологи гээд олон янзын хичээл ороход эхэндээ амаргүй, халшрах үе ч байсан. Газарзүйн ангийг цаг уурын мэргэжлээр солих гэхэд Мөнхөө багш "Үгүй ээ, чи газарзүйч болох ёстой" гээд шилжүүлээгүй. Гэвч буруудсан юм алга. Харин ч амьдралын минь замыг багш маань зөв залсан гэж бодож явдаг. Ингээд хичээл номдоо улам илүү хичээл зүтгэл гаргаж, шамдан суралцсан. Газарзүйч хүн өөрийгөө үргэлж хөгжүүлж байх хэрэгтэй. Одоо мэдээллийн зуунд бүх зүйл нээлттэй болжээ.
Газарзүйч биш бол ямар мэргэжилтэй байх байсан бэ?
Газарзүйч болоогүй байсан бол орчуулагч, эсвэл тамирчин болох байсан болов уу. Намайг дунд сургууль төгсдөг жил МУИС-ийн англи хэлний ангид элсэлт аваагүй юм. Биеийн тамираар 7 дугаар ангиасаа хичээллэж, чамгүй амжилт гаргасан. Хөнгөн атлетикийн болон волейболын 2 дугаар зэрэгтэй.
1964 онд пионер сурагчдын анхдугаар спартакиадаас уртын болон өндрийн харайлтаар мөнгө, хүрэл медаль хүртсэн. 1966 онд хөнгөн атлетикийн 4 төрөлтийн олон улсын тэмцээн (Артек зуслан)-д Монгол улсаас анх удаа 6 охин, 6 хүү баг болж амжилттай оролцсон. Олон орны тамирчин сурагчидтай танилцаж, спортын сайхныг улам илүү мэдэрсэн. Үүнээс хойш улс, хотын хэмжээний тэмцээнд тасралтгүй оролцож, олон медалиар энгэрээ мялаасан. Спортод үнэхээр дуртай. Одоо ч телевизээр спортын нэвтрүүлэг сонирхон үздэг. Аль улсад ямар тэмцээн болж байна, ямар улсын тамирчин хэрхэн оролцов зэргээс ургуулаад тухайн орны талаар мэдээлэл авах жишээтэй.
"Хорин нэгний Өнөр" гэдгээр хүмүүс таныг мэддэг. Энэ нь таны "овог" шиг болж. Тус сургуультай ажил, амьдралаа хэрхэн холбов?
Сургуулиа төгсөөд хөдөө яваагүй байтал Найрамдлын районы (хуучин нэрээр) боловсролын хэлтсийн дарга Арилдий намайг спортоор хичээллэдэг, хичээлдээ сайн сурагч байсан гэж магтан 21 дүгээр сургуульд томилсон. Арилдий багш бол миний төгссөн дунд сургуулийн захирал байсан хүн. Түүнээс хойш тасралтгүй 33 жил ажилласан. Яахын аргагүй миний ажил, амьдрал энэ сургуультай салшгүй холбоотой. Улсын газарзүйн олимпиадад энэ сургуулийн нэрээр овоглож олон удаа амжилттай оролцож байсан болохоор л тэр болов уу.
Залуу багш нарт ажлын туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөөч.
Багш болоод шавь нараасаа дутуу чадвар, мэдлэгтэй байж таарахгүй гэж өөртөө өндөр шаардлага тавьж ажиллаад, тэр нь ч үр дүнгээ өгсөн. Юутай ч хүүхэд бүрт газар нутгаа танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах хүсэл сонирхол, хандлага төлөвшүүлэх үүднээс хичээл бүрийг амьдралтай холбож, хүүхэд бүрийн өөрсдийн мэдлэгт түшиглэн явуулахад их анхаардаг байж. Газарзүйг их сайн зааж болох хичээл. Сурагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар тэдэнтэй хамтарч хичээлээ явуулбал сургалтын үр дүн мэдэгдэхүй дээшилдэг. Аль болох сурагдчдын суурь мэдлэгт тулгуурлаж, "Яагаад?" гэсэн асуултын тайлбарыг тэдэнд хэлэх биш, учрыг тайлах сэжүүрийг гаргаж, зөв чиглүүлэх хэрэгтэй. Залуу багш нар мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, хичээл бүрээ "сайн" байлгахад анхаарч ажиллавал үр дүн аяндаа ирдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Багш хүн ажлын байран дээрээ өсөж, хөгжихөд юуг анхаарах ёстой вэ?
Хүний ажилдаа хандах сэтгэл их чухал. Ээлжит хичээлийг хэрхэн заах, төлөвлөхөөс л эхэлнэ. Бэлтгэсэн хөтөлбөрөөр зааж туршаад, дараа нь засаж сайжруулах, бусад багштай туршлага солилцох замаар анхны хөтөлбөр улам боловсронгуй болдог. Ийм маягаар хичээлийг яавал сонирхолтой, сайн заах вэ гэж толгойгоо их гашилгаж, хичээлдээ бэлтгэдэг байж. ЗХУ-ын (хуучин нэрээр) багш нарын "асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга"-ыг хичээлдээ хэрэглэж, өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан. Хот, хөдөөгийн багш нарт нээлттэй хичээл зааж, бусадтай арга барил, туршлагаа солилцож явсан нь надад эерэгээр нөлөөлсөн. Энэ бүхний эцэст сурагчдад системтэй мэдлэг, хөрвөх чадвар олгоход багш хүн үнэнч сэтгэлээр ажиллах ёстойг ухаарч ойлгосон.
1987 оноос эхлэн хичээл заах арга барилаа бусад багш нартай хуваалцаж, анхны видео хичээл зааж солилцдог байж. Ардын багш Ш.Шагдар, доктор Г.Содномваанчиг, Е.Батчулуун, 21 дүгээр сургуулийн захирал Л.Раднаабазар нар миний идэвх, санаачлалыг дэмжиж, сэтгэл харамгүй тусладаг байсан.
Сурагчдаа гэсэн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр тань олон сайхан амжилт, үр дүнд лавтай хүргэсэн гэж бодож байна. Ажлын амжилт, үр дүнгээсээ танилцуулаач?
Тийм ээ, төр засгаас миний хөдөлмөрийг минь үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн болон Алтан гадас одон, ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Энэ нь ганц миний биш, ахмад багш, хамт олон, хэдэн мянган шавь нарын минь хичээл зүтгэл, хөдөлмөр, амжилт гэж бодож, тэднээрээ бахархдаг.
Улс, хотын газарзүйн удаа дараагийн олимпиадад сурагчдаа тасралтгүй амжилттай оролцуулж байсан, газарзүй-аялал жуулчлалын төрөлжсөн сургалттай ангийг 21 дүгээр сургуульд анх 1998 онд нээж, 3 удаагийн төгсөлт хийсэн. Тухайн мэргэжлийг сонгон суралцаад энэ чиглэлээрээ амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж буй шавь нараараа бахархдаг. Тэдгээрээс дурьдвал С.Мөнхбат, П.Наранцэцэг, Л.Өнөржаргал, Н.Алтангэрэл, Н.Цэрэндолгор зэрэг олон бий. Гадаад, дотоодын сургуульд сурч төгссөн шавь нар маань газарзүйн мэдлэгээрээ хамт суралцагсдадаа илүү байлаа гээд ярихад баярлаж, бас ч өөрөөрөө бахархдаг.
Хүн бүр газарзүйн мэдлэгтэй байх хэрэгтэй юу?
Хүн бүр газарзүйч байх албагүй ч, харин газарзүйн өндөр мэдлэгтэй байх ёстой. Хүмүүсийн газарзүйн мэдлэг хангалтгүй байгаа нь телевизор үзэж суухад л өдөр бүр мэдрэгддэг. Телевизийн сэтгүүлч улс, хот зэрэг газарзүйн юмсын нэр, байрлал болон тоо хэмжээг буруу хэлэхэд "ээ чааваас" гэж халаглана. Ялангуяа олимпийн тэмцээнийг тайлбарлаж байхад зарим улсын нэрийг буруу хэлэх тохиолдол гардаг. Хүн байгаль, дэлхийтэйгээ өдөр бүр харьцдаг. Дэлхий ертөнц дээрх байгаль, нийгмийн үзэгдлийн учир шалтгаан, зүй тогтлыг танин мэдэхэд дунд сургуулийн газарзүйн хичээлийн үүрэг асар их Тиймд газарзүйн багш хүн хичээлээ амьдралтай холбон, сонирхолтой аргаар заахад онцгой анхаарах хэрэгтэй.
Амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд хамгийн том тусламж, дэмжлэг үзүүлдэг хүмүүс бол гэр бүлийнхэн байдаг. Тэднийхээ тухай танилцуулаач.
Тэгэлгүй яахав, өчүүхэн амжилтын минь найдвартай, бат бөх ар тал бол миний хань, үр хүүхэд шүү дээ. Манайх ам бүл 5. Нөхөр Суурьсүрэн маань армийн хурандаа цолтой хүн бий. Бид 2 хүү, нэг охинтой. Тэд маань тусдаа гараад, одоо олон ач зээтэй болсон. Түүнээс гадна ээжийнхээ ачийг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. 1970 оны "Залуучуудын үнэн" сонины нэг дугаарт "Эхийн хайр" нэртэй миний тухай нийтлэлийг сэтгүүлч С.Бодоош бичсэн нь надад хадгалагддаг. Энэ нийтлэлд оюутан байхаас эхлээд багшаар ажиллаж байсан үеийн миний амжилт бүтээлд ээжийн минь оролцоог тод илэрхийлсэн. МУИС-ийн оюутан байхад хичээлд явахаас гадна спортын уралдаан тэмцээний бэлтгэл, олон нийтийн ажил гээд цаг завгүй явах үед ар талын бүхнийг зохицуулж байсан хүн бол яах аргагүй ээж минь юм. Ээж гэдэг хүн гэр бүлийн хувьд ямар мундаг менежер байдгийг харуулсан учраас одоо ч ээжээрээ бахархаж, нэр хүндийг сэвтээхгүй яваадаа сэтгэл хангалуун байдаг. Энэ их ачийг хариулж чадахгүй ч ээж шигээ байх гэж ач зээ нараа хараад, сургуульд нь зөөгөөд явж байна даа.
Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг эзэмшсэн хүн бий юу?
Бага хүү маань улсын газарзүйн олимпиадад VII байр эзэлж, "Газарчин" дээд сургуульд урилгаар элсэн суралцаж, газарзүй-аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөнөөсөө хойш энэ чиглэлээрээ ажиллаж, компани удирдаад сайн ажиллаж яваад нь хүүгээрээ бахархдаг.
Бидэнтэй ярилцаж, өөрийн туршлагаа хуваалцсанд тань маш их баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Та бүхэн газарзүйн багш нар болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулсан ийм шинэлэг сайхан сэтгүүл гаргаж, түүгээр дамжуулан ахмад багш биднийг залуу үеийнхэнтэй минь уулзуулж байгаа явдалд танай хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Ярилцлага хийсэн: П.Энхжаргал