МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

Ардын багш Гунгаагийн Батсүх  (1911-1990)

Одоогоос 90 гаруй жилийн тэртээ 1926 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд эрдэм сурахаар Германыг зорьсон түүхтэй. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон хүүхдүүдийн ихэнх нь Монголын тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон нэр, мөрөө үлдээжээ. Тэдний нэг нь Монгол улсын анхны “Ардын багш” Гунгаажавын Батсүх юм.

1921 онд Ардын засгийн анхны бага сургуулийн сурагчдын нэг болж эрдэм номын мөр хөөснөөс хойш насан өөд болтлоо зүрх сэтгэл, оюун ухаанаа сурган хүмүүжүүлэх үйлсэд, ялангуяа газарзүйн боловсролд зориулсан нь түүний ажил амьдралын намтраас ил харагдана.

Г.Батсүх Төв аймгийн Баянбараат (одоогийн Сэргэлэн) сумын Сэвсүүл гэдэг газар 1911 онд төржээ. 1921 онд Нийслэл хүрээний анхны бага сургуульд, 1923 онд анхны бэлтгэл дунд сургуульд суралцаж байгаад 1926-1930 онд Герман улсын дунд сургуульд 7 дугаар ангиа төгсөж ирсэн. 1930 оны 6 дугаар сараас эхлэн Ардыг Гэгээрүүлэх Яаманд хэвлэлийн бичээч хийж байгаад 1931 оны намар Гэгээрлийн Яамны сайдын тушаалаар үлгэр жишээ дунд сургуульд газарзүйн багшаар томилогдон ажилласан байна.

Үүний дараа 1934-1940 он хүртэл багш нарыг бэлтгэх сургуульд байгаль дэлхийн багшаар, 1940- 1941 онд 1 дүгээр сургуульд газарзүйн хичээл зааж байв. 1941-1942 оны 9 дүгээр сар хүртэл Намын Шинэ Хүчний Дээд Сургуульд, 1942-1947 он хүртэл багш нарыг бэлтгэх сургуульд багшаар ажиллажээ. 1947-1956 оны 2 дугаар сар хүртэл Ардыг Гэгээрүүлэх Яамны Заах аргын хэлтэсийн эрхлэгчээр 9 жил ажиллахын зэрэгцээ “Багш” сэтгүүлийг эрхлэн гаргаж байжээ. 1967-1969 оны хооронд Москва хотод балетын сургуульд сурдаг хүүхдүүдийг хариуцан ажиллаж байгаад эргэн ирж УБДС-д дахин багшилсан байна.

1956 онд түүнийг Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Багш бэлтгэх сургуулийн захирлаар томилон ажиллалуулсан бөгөөд жилийн дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн УБДС-ийн БНУФийн Газарзүйн тэнхимд багшаар ирж гавьяаны амралтанд гартлаа ажилласан юм. Батсүх багшийн амьдрал тийм шулуун дардан байсангүй. Түүний нөхөр Д. Дамбийням бас л Германд боловсрол эзэмшсэн сэхээтэн байсан бөгөөд Гэгээрлийн яамны сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байлаа. 1937 онд хэлмэгдүүлэлтээр баривчлагдан яваад эргэж ирээгүй гэдэг. Тэд хүү охин хоёртой. Хүү Д. Батнасан нь ХАА-н зургийн институтэд ерөнхий инженерээр, охин Д. Уртнасан нь халдвартын эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан.

Тэрээр багаасаа Германд суралцсан болохоор герман хэлийг чадварлаг эзэмшсэн, нягт нямбай цаг барьдаг зангаараа герман хүнээс ялгагдамгүй учраас үеийхэн нь түүнийг “Герман Батсүх” гэж нэрлэдэг байжээ. Түүний энэ зан чанар оюутнуудад төдийгүй хамт олондоо ч үлгэр дууриал болж байв. Оюутнуудад их өндөр шаардалага тавихын зэрэгцээ хатуу хүтүү үгээр дайруулаад авахдаа ч сийхгүй. Хар буруу санаагүй тэрхүү зэмлэлийн цаана хүнд юм сургах гэсэн сэтгэл байдаг болохоор хэн ч гомдож гоморхсонгүй харин ч түүнийг даган дууриах хүсэлтэй хүн олон байж. 1956.09.01-нээс 1990 он хүртэл УБДС-ийн Газарзүйн тэнхимд 30 гаруй жил ажилласан бөгөөд хамт олныг хөгжүүлэх, тэднийг зэрэг цол хамгаалахад нь дэмжин ажилладаг байжээ. Газарзүйн тэнхмийн багш Ч. Дүвжир түүний тухай дурсахдаа “Би 1957 онд Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультетийг физик газарзүйн мэргэжлээр төгсөж ирээд МУИС-д 3 жил багшилсан. Батсүх багш намайг дуудаж уулзаад манай тэнхимд гадаадад төгссөн багш хэрэгтэй байна. Чи өмнө нь энэ сургуулийг төгссөн. Газарзүйгээр мэргэжилтэн их дутмаг учир чиний хэрэг энэ тэнхимд их байна. Манайх физик газарзүйн багш алга. Миний мэдлэг боловсрол хоцрогджээ. Чи энэ хичээлийг заах хүн гэж ятгаж. Дүвжир багш ч үүнийг зөвшөөрч энэ тэнхмид ирсэн гэдэг. Түүнийг доктор хамгаалах гэж Хөвсгөлийн тайга руу 3 жил гаран судалгаа хийх үед бүх хичээлийг нь өөрөө хариуцан зааж цалинг өөрт нь өгч байжээ. Багшийнхаа тухай проф. Ж. Авхинсүх: Батсүх багштай ажиллахад үнэхээр гайхамшигтай хүн байсан. Мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байхгүй, герман, орос ном байнгын уншдаг, бидэнд их нөмөр нөөлөгтэй гэж дурсан ярьж байв. Мөн түүний шавь нарынх нь нэг ардын багш Ш. Шагдар ”1981 онд ардын багш гэсэн анхны цолыг хүртэхэд бид өөрсдөө шагнуулсан юм шиг л баярласан. Үнэхээр нүдээ олсон шагнал байсан юм. Түүнд баяр хүргэхээр очсон сургуулийн удирдлага, багш нарт: Миний сайн багш гэж юу байхав дээ. Би одоо ч хичээлийн хөтөлбөр, конспекттойгоо ноцолдсоор байдаг. Хоцрогдохгүйн тулд их юм уншиж харах хэрэгтэй байна. Миний дутуу хийсэн зүйлсийг манай хамт олон гүйцээх байхаа хэмээн ярихад зарим багш нар хэзээ энэ хүний хэмжээнд хүрэх болоо хэмээн ярьцгааж байсан гэдэг.

Батсүх багшийн бичсэн, редакторласан сурах бичгээр олон хүүхдүүд сурагч байхдаа газарзүйн ухааныг заалгасан бол, газарзүйн багш болох оюутнууд лекцийг нь сонсож , түүний заах аргын номыг нь судалж, практик хэрэглэсээр ирсэн юм. Анхны бүтээл нь бага сургуулийн 3 дугаар ангид үзэх “Газарзүй” сурах бичиг бөгөөд 3 удаа хэвлэгдэж үүнээс хойш дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдож хэвлэгдэхээ больсон байна. Үүний дараа газарзүйн хичээлийн суурь болгож “Түмэн бодис” хэмээх шинэ сурах бичиг гарахад хөтөлбөрийг нь боловсруулж сурах бичгийг нь бусад мэргэжлийн багш нарын хамт бичсэн байна.

Газарзүйн боловсролд Батсүх багшийн оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлснээс томоохныг нь дурьдвал 1941 онд “Алтан гадас”, 1946 онд Улсын бага хурлын зарлигаар “Гавьяат багш, 1955 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, 1961 онд Улсын их хурлын зарлигаар “Сүхбаатар”- ын одонгоор шагнажээ. Монголын боловсрлыг хөгжүүлэх, газарзүйн багш мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, ном, зохиол бүтээлийг нь үнэлж Батсүх багшид 1981 онд анх удаа “Ардын багш” хэмээх эрхэм хүндтэй цолыг  олгожээ. Ном сурах бичиг ховор байсан тэр үед түүний бүтээлүүд боловсролын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Доктор Ч. Дүвжирийн хамт их дээд сургуулийн газарзүйн мэргэжлийн оюутнуудад зориулсан “Ерөнхий физик газарзүй” номыг бичиж 1988 онд хэвлэлтэнд шилжүүлсэн боловч тодорхой бус шалтгаанаар хэвлэгдээгүй байна.

Батсүх багшийн бүтээлийн голлох чиглэл нь газарзүйн сурах бичиг, заах аргын өгүүлэл голлож байгааг дараах жагсаалтаас үзэж болно.

1. “Газарзүй” бага сургуулийн 3 дугаар ангийн сурах бичиг 10,1 х.х, I хэвлэл, Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1931 он

2. “Газарзүй” бага сургуулийн 3 дугаар ангийн сурах бичиг 9 х.х, II хэвлэл Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1947 он

3. “Газарзүй” бага сургуулийн 3 дугаар ангийн сурах бичиг 9 х.х, III хэвлэл Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1948 он

4. “Насанд хүрэгчдийн газарзүйн сурах бичиг” Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1948 он

5. “Физик газарзүй” дунд сургуулийн 5 дугаар ангийн сурах бичиг Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1957, 1970, 1973,1976, 1949 он

6. “Тивүүдийн газарзүй” дунд сургуулийн 6 дугаар ангийн сурах бичиг 10 х.х, Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1949 он

7. “СССР-ийн газарзүй” дунд сургуулийн 8 дугаар ангийн сурах бичиг, 24,7 хх. Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1950 он

8. “Түмэн бодис” дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурах бичиг, Улаанбаатар, Ардын боловсролын яамны сурах бичгийн үйлдвэр, 1963,1969 он

9. “Газарзүйн унших бичиг” дунд сургуулийн 5-7 дугаар ангийн сурах бичиг, 17,5хх, Улаанбаатар, Ардын боловсролын яамны сурах бичгийн үйлдвэр, 1965 он

10. “Эдийн засгийн газарзүй” дунд сургуулийн 9 дугаар ангийн сурах бичиг, 24 хх, Улаанбаатар, Ардын боловсролын яамны сурах бичгийн үйлдвэр, 1948, 1950 он

11. “Газарзүй” дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурах бичиг, Улаанбаатар, Гэгээрлийн яамны сурах бичгийн үйлдвэр, 1957,1971 он

Бичсэн өгүүллүүд:

1. “Бага сургуульд газарзүйн хичээлийг заах үндсэн аргууд” Багш сэтгүүл, 1930 №1,2

2. “Газарзүйн хичээлийг заахад ямар номыг хэрэглэх вэ“ Багш сэтгүүл, 1933 №10

3. “Сурагчдын гадаад байдалд багш нар анхаарья” Багш сэтгүүл, 1933 №1,2

4. “Сургуулийн газарзүйн заах арга” Багш сэтгүүл, 1940 №1,2

5. “Газарзүйн хичээлд зохиох давтлага” Багш сэтгүүл, 1947 №1

6. “Сурагчдын гэр бүлийн хүмүүжил” Багш сэтгүүл, 1947 №4

7. “Газарзүйн хичээлийн боловсруулах, хүмүүжүүлэх чанар” Багш сэтгүүл, 1949 №5

8. “Газарзүйн хичээлд бие даасан ажиллагааг хэрхэн зохиох тухай” Багш сэтгүүл 1953 №3

9. “5-р ангид газарын зурагт сургах ажиллагаа” Багш сэтгүүл, 1953 №4

10. “5-р ангид “План ба карт” гэдэг сэдвийг заасан зөвлөлтийн багш Горбуновын хичээлийн конспект” Багш сэтгүүл, 1954 он, №3

11. “Газарзүйн дугуйлангийн ажил ямар байх вэ?” Багш сэтгүүл, 1954 №4

12. “Дунд сургуулиудын газарзүйн канбинет” Багш сэтгүүл, 1955 №1

13. “5-р ангид физик газарзүйн хичээлээр явуулах практик “ Багш сэтгүүл, 1957 №2

14. “5-р ангид географийн аялал хийх, практик дасгал ажлыг хэрхэн зохиох вэ?” Багш сэтгүүл, 1958 №1

15. “Гадаад орнуудын эдийн засгийн газарзүйг заахад байгалийн нөлөөг хэрхэн холбох вэ?” Багш сэтгүүл, 1959 №3 

16. “Сургуулийн газарзүйн канбинет” Багш сэтгүүл, 1960 №6

17. “Газарзүйн хичээлийн сургалтыг үйлдвэрлэлийн хөдөлмөртэй холбох тухай” Багш сэтгүүл, 1962, №1

18. “Газарзүйн хичээл заалтын үр дүнг дээшлүүлэх тухай” Багш сэтгүүл 1963, №1
19. “Байгалийн бүс сэдвийг юмс үзэгдэлтэй нь холбож заах тухай” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл, 1967, №6

20. “Газарзүйн хичээлд бие даасан дасгал ажлыг явуулах арга” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл 1970 №6

21. “Газарзүйн хичээлд асуудал дэвшүүлэх арга хэрэглэх нь” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл, 1975, №3

22. “Газарзүйн хичээлд сурах бичиг ном хэвлэл ашиглах аргыг сайжруулъя” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл, 1977, №2

23. “Газарзүйн хичээлийн үр дүнг дээшлүүлэх зарим асуудал” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл, 1979 №6

24. “Багш миний сэтгэгдэл” Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл, 1979, №6

25. “Ухамсартай сахилга бат бол аз жаргалын шижим мөн” нийтлэл “Эвлэлийн үнэн” сонин 1963.10.16-ны дугаар

26. “Залуучууд бол хүүхдийн толь мөн” нийтлэл “Залуучуудын үнэн” сонин 1965.01.27-ны дугаар

27. “Эмэгтэйчүүд ба багш” нийтлэл “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн 1974 оны 50 жилийн ойн дугаарт