МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтний индэр

ГАЗАРЗҮЙН УХААНЫ ДОКТОР ЖАМСРАНГИЙН НАЦАГ

Ж.Нацаг нь Түшээт Хан аймгийн Баяр гүний хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт Орхон голын хөндийд “Бумбатын тохой” хэмээх газар 1943 онд Норовын Пунцагнамжил, Дэндэвийн Янжин нарын 2 дахь хүүхэд болон төрсөн. Төрөөд удаагүй байхдаа Чүлтэмийн Жамсран, Норовын Отгонцэнд нарт өргөгджээ.

Өргөж авсан аав Ч.Жамсран нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул хүн бөгөөд эднийх амьжиргааны цөөн хэдэн малтай айл байжээ. Иймд Ж.Нацаг өргөж авсан эцэг эхийн гар дээр малын дэргэд өссөн байна.

Тэрээр 1951 онд Хушаат сумын бага сургуульд элсэн орж дотуур байранд суун 1, 2 дугаар ангиа дүүргээд 3 дугаар ангидаа ар гэрийн гачигддаар тэр үеийн Цагаантолгойн САА буюу одоогийн Сант сумын бага сургуульд шилжиж 1954 онд Улаанбаатар хотноо бүрмөсөн нүүж ирсэнээр Нийслэлийн 2, 1, 21 дүгээр сургуулиудаар дамжин суралцсаар 1958 онд 10 жилийн 14 дүгээр сургуульд орж 1961 онд төгсжээ.

Энэ үед Монгол улсын ШУА. шинээр байгуулагдаж төрөл бүрийн нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 10 дугаар анги төгсөгчдөөс олон олон сурагчдыг гадаадад сургахад Ж.Нацаг тэдний тоонд орж ЗХУ-д Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуульд хуваарилагдан тус сургуулийн Газарзүйн ангид 2 жил суралцаж “Геоморфологич” мэргэжил эзэмшжээ.

Ж.Нацаг 1966 оны 7 сараас 1973 он хүртэл Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн Физик газарзүйн салбарт эрдэм шинжилгээний туслах, дэд ажилтан, 1973-1977 онд Москвагийн УИС-д аспирантурт, 1977 оны 5 дугаар сараас тус хүрээлэнгийн Геоморфологи-ландшафт судлалын секторын эрхлэгч, 1983 оны 3 дугаар сараас 1991 он хүртэл тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1991 оны 5 дугаар сараас Физик газарзүйн салбарт эрдэм шинжилгээний ахлах ажилтанаар тус тус ажиллаж байгаад 1992 оноос “ЖНЭП” ХХК байгуулан захирлаар нь ажиллах болсон байна.

Ж.Нацаг 1977 онд Москвагийн Улсын Их сургууль дээр дэд доктор Р.С.Чаловын удирдлага дор “Сэлэнгийн савын голуудын тууш зүсэлт ба гольдрол бүрэлдэн тогтох нь” сэдвээр газарзүйн ухааны докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалжээ.

Ж.Нацаг өөрийн бүтээлдээ Сэлэнгийн савын голуудын гольдрол хэлбэршин тогтох, тууш зүсэлт бүрэлдэх нөхцөлийг судалж нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж томоохон голуудын гольдрол бүрэлдэх ерөнхий зүй тогтлыг илрүүлсэн байна. Мөн тус ай савын хүрээнд гольдрол бүрэлдэх шинжээр нь мужлах, уул багатай нутгийн голуудын гольдролын хөгжлийн өвөрмөц онцлогийг тогтоох оролдлого хийжээ. Тэрээр Сэлэнгэ мөрний ай савын голуудын гольдролын хэлбэржилтийн нөхцөл болон тууш зүсэлтийн байдал нь тухайн нутгийн физик- газарзүйн нөхцөл болон геологи-геоморфологийн тогтоцтой ихээхэн холбоотой гэж үзээд голын гольдрол дагуух хэлбэр байдал, голын услагийн нэмэгдэлт, усны урсгалын гүн, ай савын геологийн ба геоморфологийн тогтолцоо болон шинэхэн тектоник хөдөлгөөн зэрэгт шинжилгээ хийсний үндсэн дээр тууш зүсэлтийн хэв шинжүүдийг тогтоож, тэдгээрийн үүсэж хөгжих үндсэн нөхцөлийг илрүүлсэн байна. Голын тууш зүсэлтийн хэлбэр ба түүний тохойролтын өнцөгт нөлөөлөх үндсэн хүчин зүйлс нь голын унал налуу, усны түвшиний голын дагуух хэлбэлзэл, урсгалын энергийн алдагдал ба түүний зөөвөрлөх чадавхийг харуулж байдаг урсацын усны түвшиний өсөлтийн эрчим гэж дүгнэжээ.

Уг бүтээл нь Монгол орны Сэлэнгийн сав нутгийн гол мөрдийн хөндийн морфологи, голуудын гольдролын бүрдлийн үйл явцын талаар урьд өмнө тэр бүр хийгдэж байгаагүй анхдагч судалгааны ажил болсон бөгөөд Сэлэнгийн гол мөрдийн сав нутгийн хөндийг зүй зохистой ашиглах, хамгаалах, голын усны эрчим хүчийг ашиглах зориулалт бүхий барилга байгууламжийг барих газрыг оновчтой сонгох, зарим боломжтой хэсгийн гольдролыг өөрчлөх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийн төлөвлөлтөнд тулгуур материал болгон ашиглахуйц практик ач холбогдолтой бүтээл болсон байна.

Ж.Нацаг тус хүрээлэнд ажиллах хугацаандаа таванжилээр төлөвлен хийгддэгэрдэм шинжилгээ, судалгааны сэдэвт ажлууд болон экспедицийн хээрийн ажилд оролцон ажиллажээ. Үүнд:

  • Монгол-Зөвлөлтийн геологи, биологийн иж бүрэн экспедицийн судалгаа (1969-1979)
  •  Ойт хээрийн бүсийн ландшафтын тополог судалгаа (1970-1980)
  •  Сэлэнгийн сав нутгийн физик газарзүйн иж бүрэн судалгаа (1975-1980)
  •   Монгол орны говийн бүсийн элсний тархалт, морфологи хэвшинж, динамикийн судалгаа (1981-1985)
  • Монгол орны гандуу нутгийн цөлжилтийн иж бүрэн судалгаа (1986-1990)
  •  Монгол-Японы “Гурван Гол” төслийн судалгаа (1989-1992) зэрэг болно. 
Ж.Нацагийн эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлуудын үр дүнд тулгуурлан бичиж нийтлүүлсэн өгүүлэлүүд нь голдуу танин мэдэхүйн чиглэлтэй, ирээдүйн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудад суурь судалгааны чиглэлээр ашиглагдах, зохиогдсон зураг бүтээлүүд нь гол төлөв ХАА-н эдэлбэр нутаг, хот суурин газрууд, тэдгээргийн дэд бүтцийн хэтийн төлевлөлт, байршуулалт зэрэгт анхдагч гарын авлага болгон ашиглах боломжтой бүтээлүүд байв. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сэлэнгийн сав нутгийн байгалийн нөхцөл, нөөц баялаг”, “Монгол орны ойт хээрийн бүсийн ландшафтын тополог судалгаа”, “Геоморфология МНР” зэрэг нэгэн сэдэвт хамтын бүтээл, БНМАУ-ын Үндэсний атлас дахь геоморфологи, гадаргын налуу, хэрчигдлийн шигүү, хэрчигдлийн гүн зэрэг зургийн зохиогч, монгол орны ландшафт- типологийн мужлалын зураг (Ml: 1000000) -ийн хамтран зохиогч бөгөөд энэ хугацаанд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлж “Монгол орны газарзүйн асуудал”, “Байгаль орчныг хамгаалах асуудал”, “Монгол орны ландшафт-экологийн асуудал”, “Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх” зэрэг хэд хэдэн ном редакторласан байна.


Ж.Нацагийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байх хугацаанд “БНМАУ-ын Үндэсний атлас” зохиох ажил ид өрнөж байсан цаг үе болно. Тэрээр уг атласын шинжлэх ухааны редакцийн зөвлөлийн гишүүн, эрдэмтэн нарийн бичгийн даргын хувьд редакцийн зөвлөлийн хурал зохион байгуулах, гадаад, дотоод томилолт зохицуулах болон бусад зохион байгуулалтын ажлыг бүхэлд нь хариуцаж байлаа.

Мөн Монголд цөлжилтийн судалгааны эхлэлийг тавьж, Монгол-Туркмены хамтарсан цөлжилтийн төслийн удирдагчаар ажиллаж, монголд ажиллах багийг хүлээн авах, судалгаа хийх, үр дүнг хэлэлцэх ажлыг хариуцаж байсны дээр “Проблемы освоения пустынь” (№5, 1992, с.52- 56.) сэтгүүлд “Итоги изучения опустынивания аридных территорий Монголии” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл Туркмены эрдэмтэн Н.Г.Харины хамт бичиж нийтлүүлжээ.

Ж.Нацаг 1992 оноос хувийн хэвшилд шилжиж “Байгаль орчинд нөлеөлөх байдлын үнэлгээ“- ний “ЖНЭП” ХХК-ийг үүсгэн байгуулж төрийн захиргааны төв байгууллагуудын нэг болох БОЯ-наас “үнэлгээ” хийх эрх авч нүүрс, төмөр олборлох, уул уурхайн олборлох чиглэлээр болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх ААН- үүдийн үйл ажиллагаатай холбоотой, тэдний үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, тэр нөлөөллийг бууруулах, унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээхээс гадна байгалийн болзошгүй аюул ослоос хэрхэн хамгаалж хохиролгүй гарах гэх мэт аргачилсан зөвлөмжүүдийг тусган дээрх байгууллагаар батлуулж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч байв. Тэрээр 2003 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлаа орхин тэтгэвэрт гарчээ.

Ж.Нацаг багш үг дуу цөөтэй, энгийн, зарчимч шаардлагатай хүн бөгөед энэ ч чанараараа секторын эрхлэгчээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга болон дэвшиж, энэ албыг чамгүй олон жил хашсан юм. Ялангуяа Ш.Цэгмид багшийг захирал, ШУА-ийн дэд ерөнхийлөгчийн давхар албатай, хүрээлэн дээр суудаггүй байх үед хүрээлэнгийн бүхий л ажлыг Ж.Нацаг багш амжуулдаг, харуй бүрий болтол суудаг хүн байв.

Ж.Нацаг багш бол миний ажил, амьдралын зам мөрийг шийдэхэд их хувь нэмэр оруулсан ачтан бөгөөд миний хувьд 1979 оноос хойш өдий болтол багш, шавийн холбоотой явж ирсэн юм. Ж.Нацаг багш хүрээлэнд хамт ажиллаж байх үед халамжлан хүмүүжүүлэгч, судалгааны ажлын удирдагч, дарга маань байж, дараа нь эрдмийн ажлын шүүмжлэгч, бүтээлийн маань редактор гээд олон зүйлээр холбогдож багшийнхаа итгэлийг алдахгүйн төлөө чармайж ирлээ дээ. Мөн оюутан ахуйдаа газарзүйн суурь хичээлийн нэг болох “Ерөнхий геоморфологи”-ийн хичээл заалгаж энэ талын мэдлэгтэй болсон билээ.

Бид 1981 оны зуны турш Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар 70 хоног хамтдаа хээрийн судалгаанд оролцож явахдаа зан зангаа мэдэлцэж, маптинд ачаа хэрхэн ачих, майхан хаана барихаас эхлээд хээрийн судалгааны арга барилаас эзэмшиж, геоморфологийн үйл явцуудыг газар дээр нь тайлбарлуулж явсан дурсамжтай үе байдаг.


Энд нэг дурсамж дурьдахад, тэр жил биднийг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын дэлгүүрээр ороод гарах хооронд нутгийн хүмүүс энэ япон, хятад, буриад, монгол 4 өөр янзын хүмүүс чинь юу хийж явдаг байна гэсэн нь Нацаг, Баасан, Цолмон, Даш нарыг шоолж хэлсэн нь тэр юм. Тэр үед Нацаг гуай япон эсгий саарал малгайтай, Баасан гуай арай томдсон ногоон курткатай, Цолмон үс, сахлаа ургуулчихсан явсан нь ийм нэр хоч зүүхэд хүргэсэн билээ.