Ч.Дашзэвэг нь 1945 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1961 онд Зэрэг сумын 7 жилийн дунд сургуулийг дүүргэж, Архангай аймгийн Багшийн сургуульд элсэн орж 1964 онд бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1964-1973 онд Манхан, Дарви, Цэцэг сумдын сургуульд бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1964-1973 онд Манхан, Дарви, Цэцэг сумдын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1973-1978 онд УБДС-ийн Газарзүй-Түүхийн анид суралцаж төгсжээ. 1978-1981 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумд орлогч захирлаар ажиллаж байсан. 1982 оноос одоог хүртэл Ховдын багшийн дээд сургуулийн Газарзүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар ажиллаж байна. 1987-1990 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Ленинград хотын А.И.Герцены нэрэмжит Багшийн дээд сургуулийн аспирантурт суралцан "Методика проведения самостоятельных работ учащихся в курсе географии материков в школах МНР" сэдвээр докторын (PhD) зэрэг хамгаалсан.
Энэ хугацаанд газарзүйн шинжлэх ухааны салбарт газарзүй заах арга, геморфологи, газрын нэр судлалын чиглэлээр ажилласан бөгөөд Газарзүйн хичээлд тулгуур дохио хэрэглэх нь (1992), Монгол орны газарзүйн хичээлд тестийн арга хэрэглэх нь (1996), Ерөнхий геморфологи (2000), Геоморфологийн нэр томъёоны (2004), Газарзүйн дидактикийн асуудлууд (2006), Монголын домог, хууч яриа (2004, 2007), Газарзүйн бодлого тестүүд (2008), Геоморфологийн асуудлууд (2009), Газарзүйн сургалтын материал (2017) зэрэг гарын авлага, сурах бичиг, Баруун Монгол Алтайн байгалийн нөхцөл, нөөц (2004) зэрэг нэг сэдэвт зохиол, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 50 гаруй илтгэл, тезис бичжээ.
Тэрээр ажлын гараагаа бага ангийн багшаар эхэлснээс хойш сурагчдын бие даасан ажлыг хөгжүүлэх талаар олон жил судалгаа хийж, материал цуглуулсан нь ("Амжилт ажиллагаанаас шалтгаална" эмхэтгэл, 1967) хожмоо түүнийг энэ эрхэм алдрыг хүртэхэд нөлөөлжээ.Түүний нэг сэдэвт бүтээл, сурах бичгээс харахад:
- Сурагчдын бие даасан ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажлын зорилго, багшийн оролцоо, сурагчдын үйл ажиллагаанаас хамаарч олон янзаар тодорхойлддогийг баталсан
- Багшийн дунд оролцоогүйгээр хичээл дээр болон хичээлээс гадуур хийх сурагчдын бие даасан ажлын төрөл хэлбэрийг ангилж, арга зүйн зөвлөмж гаргасан
- Бие даасан ажил бол зорилгоос хамааран сургалтын үйл явцын тодорхой хэсгийг шийдвэрлэхэд чиглэгддэгийг туршилт ажиглалтаар баталсан
- Сурагчдын бие даасан ажил нь тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гол хэлбэр болохыг судалгаа туршилтаараа баталсан байна.
Ч.Дашзэвэг багш "Газарзүйн хичээлээр явагдах бие даасан ажил нь мэдлэг эзэмшүүлэх, цогц чадамж төлөвшүүлэх, сурагчдын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаанч арга барилд сургах, төрөл бүрийн эх сурвалж (сурах бичиг, газарзүйн зураг, бүвүүвч, хүснэгт, график, тоон материал г.м) ашиглан харьцуулах, ангилах, тодорхойлолт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, зураглал зохих ажиллагаанд сургах явдал мөн" хэмээн тодорхойлсон. Түүнчлэн бие даасан ажлын төрөл хэлбэрийг сурагчдын танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, оюун дүгнэлт хийх чиглэлээр нарийсган явуулахдаа тодорхой дидактикт шаардлагыг харгалзсан байх ёстойг гаргасан байна. Үүнд: Бие даасан ажил нь:
- Сурагчдын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн байх
- Өмнөх мэдлэг, чадвар дадалд тулгуурлах
- Сурагчдын хувийн онцлогт тохирч байх
- Мэдлэгийн логик дарааллыг баримтлан алгуур хүндэрч байх зэрэг шаардлагыг тэрээр тодруулжээ.
Сургалтын агуулга, бүтэц, арга зүй, зохион байгуулалтын хэлбэр, мэдлэг чадвар, сурах арга барил эзэмших байдал зэргийг харгалзан бие даах ажлыг хөтөлбөрийн бүлэг сэдвийн, сурах арга барил эзэмшүүлэх гэхчлэн ангилсан.
Түүний бичсэн "Газарзүйн дидактикийн асуудлууд" (2002) ном 3 дахь удаагаа хэвлэгдэж, одоо ч эрэлт хэрэгцээтэй байсаар байна. Энэхүү сурах бичиг нь газарзүйн ерөнхий болон тусгай дидактикийн асуудлууд, багшлах дадлага, сургалтын технологийн тухай, газарзүйн сургалтаар сурагчдын хөтөлбөр боловсруулах арга зүй, газарзүйн хичээлд сургалтын шинэлэг аргуудыг хэрэглэх гэсэн агуулгатай ба их, дээд сургуулийн багш, оюутан, газарзүйн багш нарт чухал ач холбогдолтой гарын авлага болжээ.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнтэй уялдуулан бичсэн "Газарзүйн сургалтын материал" (2017) бүтээл нь байгалийн ба нийгэм-эдийн засгийн газарзүй, байгалийн ухааны боловсрол, газарзүйн хичээлийн товч агуулга, тест сорил, газарзүйн жишиг даалгавар, бодлого сорил гэсэн бүлэг сэдвээс бүрдэж, түүнд байгалийн ухааны (газарзүйн) боловсролын зорилго, зорилт, агуулга, орчин үеийн боловсролын чиг хандлага, зарчим, газарзүйн сургалтын хөтөлбөрийн болон сургалтын технологийн шинэчлэлтийн асуудлуудыг тусгаж, дидактикийн үндсэн асуудлуудыг арга зүйн тодорхой түвшинд боловсруулжээ. Энэхүү ном газарзүйн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах сурагчид болон хичээлээр олгох газарзүйн мэдлэг чадварыг эзэмшүүлэх багш нар, байгаль дэлхийг танин мэдэхийг хүсч буй хүүхэд залуус хүн бүрт ашиглан судлах ач холбогдол бүхий бүтээл болсон.
Профессор Ч.Дашзэвэг 26 жил тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа хүний нөөцийг бэхжүүлэх, залуу багш нарыг арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажилд дагалдуулан сургах, гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд Г.Нямдаваа, Л.Баясгалан, Ч.Батсайхан, Т.Оюунчимэг, Ч.Лхагвасүрэн, Б.Баярхүү, Д.Отгонбаяр зэрэг шавь нар нь эрдмийн зэрэг хамгаалж, төр захиргаа, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Ч.Дашзэвэгийн сурган хүмүүжүүлэх болон эрдэм судлалын ажил хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 2012 онд Монгол Улсын Гавъяат багш цолоор шагнажээ.