“Азийн орнуудын багш боловсролд уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг тусгах нь” (ATECCE) төслийн хүрээнд Японы Окаяама их сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс зохион байгуулсан “Бага ангийн багш нарт уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох нь” сэдэвт сургалт 2025 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинэ мэдлэг, ойлголт олгож, хичээлийн хөтөлбөрт үр дүнтэй тусгах арга зүйд суралцах, байгальд ээлтэй, сурагчдыг амьдралын тогтвортой хэв маягт төлөвшүүлэх зэрэг юм.
Сургалтын үйл ажиллагаанд МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн захирал док. Т.Ганбаатар, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн тэргүүн, проф. Е.Батчулуун, ЮНЕСКО-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан M. Shahidul Islam, Японы Окаяама Их Сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсрол ба судалгааны төвийн тэргүүн, проф. Хироки Фүжи, Хирошима их сургуулийн проф. Кажияама Косей, ХБНГУ-ын Карлсруэгийн багшийн сургалтын төв, Лойфанагийн Их Сургуулийн Газарзүйн тэнхмийн эрхлэгч, проф. Томас Хоффманн нарын багш, төлөөлөгчид оролцож УАӨ-ийн боловсролын талаар санал сэтгэгдлээ хуваалцаж, илтгэл тавьж хичээл заав.
Сургалтад Улаанбаатар хотын ерөнхий боловсролын Дүүрэн эрдэм, Олонлог Эгзэ, 152, Сингапур, Оргил, 48, 85, Эрдмийн өргөө, 5, 49, 140, 21, Уудам Монгол Эдүкэйшн, 117, 72, 112, 149 зэрэг 27 сургуулийн бага ангийн багш хамрагдав.
Энэхүү сургалт багш нарт уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох, арга зүй эзэмших сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад бодитой хувь нэмэр оруулах, туршлага судлах зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сургалтыг зохион байгуулсан байгууллага, илтгэл тавьсан багш, судлаачид, зочид төлөөлөгч нарт талархал илэрхийлье.
МУБИС-МБУС-ийн Газарзүйн тэнхим
Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг



